Wednesday, December 9, 2009

Арвин ургац өгөх шинэ сортууд тарина


ХААИС, Канадын Саскатчеваны их сургууль хамтран “Тогтвортой хөгжилд эрдэм шинжилгээ, экстейншний гүйцэтгэх үүрэг" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өнгөрсөн баасан гаригт зохиолоо. Хурлаар хоёр их сургуулийн зургаан жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн "Хөдөөг хөгжүүлэх сургалт" төслийн үр дүнг хэлэлцсэн юм.


Хуралд Канад улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Анна Биолик, Монголын тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ш.Гунгаадорж, ХААИС-ийн удирдлага, төсөл хэрэгжүүлсэн эрдэмтэн судлаачид болон орон нутгийн иргэд оролцов.

Төслийн хүрээнд жимс жимсгэнэ, газар тариалан, мал аж ахуй, сургалт, эрдэм шинжилгээ болон хөдөөгийн иргэдийн өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн олон дэд хөтөлбөр хэрэгжүүлжээ.

Тухайлбал, Канадын үр тариа, буурцагтан, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний таримал сортуудыг Монгол орны хөрсөнд туршиж, цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг судалж байна. Мөн тэдгээрийг хог ургамал, хортноос хамгаалах, уриншийн эдлэншүүлэггүй технологи боловсруулах, өрхийн тариаланд ядуу өрх, малчдын хүүхдийн оролцоог нэмэгдүүлэхэд хөтөлбөр чиглэгдэж байв.

Тухайлбал, мал аж ахуйн салбар төсөл Булган аймгийн Хишиг-Өндөр, Сэлэнгэ сум, Сэлэнгэ аймгийн Цагаантолгой, Цагааннуур, Зүүнбүрэн суманд хэрэгжсэн байна. Энэ хугацаанд нутгийн Монгол хонь, ямааг өөрийн орны байгаль цаг уурын нөхцөлд дасан зохицсон, ашиг шим сайтай барга, үзэмчин хуц, Баяндэлгэрийн болон Увсын улаан ухнаар сайжруулан тэдгээрийн эрлийзээс 48 хурган хуц, 24 ишгэн ухна бойжуулан авчээ. Ингэснээр тухайн бүс нутгийн малын ашиг шим нэмэгдэн, үүлдэр угсаа сайжирч, малын хорогдол багассанаар малчин өрхийн орлого нэмэгдсэн аж.

Канад Улсаас махны чиглэлийн төрөлжсөн үүлдрүүд болох Герефорд, Улаан Ангус, Симменталь, Хайланд үүлдрийн бухны гүн хөлдөөсөн үр болон хөврөл оруулж иржээ.

Хөврөлөөр Монгол үнээнд зохиомол хээлтүүлэг хийсний үр дүнд тэдгээрийн эрлийз 100-гаад тугалыг Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Цагаантолгой, Булган аймгийн Сэлэнгэ суманд үржүүлж байгаа аж. Үүний зэрэгцээ нарийн ноост хонины 225 толгой сүрэгтэй болжээ.

Цаг уур, байгаль экологийн талаасаа ижил төстэй энэ хоёр улс цаашид хөдөө аж ахуйн салбарт олон талаар хамтран ажиллах боломжтойг дээрх төслийн үр дүнгээс харж болохыг судлаачид хэлж байлаа.

Тодруулбал, Канадын жимс жимсгэний дөрвөн таримлын 14 сорт, чимэглэлийн болон хамгааллын ургамлын есөн таримлыг манай орны хөрсөнд ургуулж туршихад ургалт 75-100 хувь байсан нь дээрхийг нотолж байгаа хэрэг гэлээ. ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн нь Канадын таримал сортуудын цуглуулга судалгааг 2005 оноос эхлүүлж үр тариа, нэг наст буурцагт таримал, төмсний сортуудаас судалгааны дүнд шалгарсан 11 төрлийн 33 сортыг энэ онд тариалсан аж.

Үүнийг тус хүрээлэнд мөрддөг арга зүйн дагуу биологи, аж ахуйн шинжүүдээр судалж байна. Эдгээрийг туршсанаар үйлдвэрлэлд тариалах тарималын төрөл сортыг нэмэгдүүлж, зөв зохистой сэлгээний бүтцийг бий болгох боломжтой. Төслийн үр дүнд манай улсад тариалагдаж байгаа буудайн сортуудаас ч илүү арвин ургац авах боломжтой шинэ сортууд байгааг судлаачид хэлж байна. Тухайлбал Канадын улаан буудайн "Harvest", тэжээлийн вандуйн шилмэл сорт, тэжээлийн сэвэг зарам, вандуухай, шар буурцгийн богино болцтой "Vision" сорт, эрдэнэшишийн "Дкс 72", интоор, бөөрөлзгөнө, саскатуун берри зэрэг олон шинэ таримал сортууд шалгарч үр үржүүлгийн ажлууд хийгдэж байгаа юм.

No comments:

Post a Comment