Монголын Мянганы сорилтын сангийн удирдах зөвлөл ээлжит хурлаа хийлээ-
ММСС-гийн удирдах зөвлөлийн өмнөх хурлаас хойш МСК нь ММСС-тай хамтран ажиллаж, хэрэгжиж буй төслүүдийг 50 сая долларын санхүүжилтээр өргөтгөхөөр болж, ажилдаа ороод байгаа билээ.
Үүнд:
- эрүүл мэндийн төслийн 22.1 сая,
- мэргэжлийн боловсролын төслийн 22.1 сая,
- хөрөнгийн эрхийн төслийн хот орчмын бэлчээрийн төслийн 5 сая долларын өргөтгөлийн санхүүжилт багтаж байгаа.
Монголын Мянганы сорилтын сангийн /ММСС/ удирдах зөвлөлийн ээлжит хурал Төрийн ордонд өнгөрөгч баасан гаригт болсон юм. Хурлыг Монгол Улсын Ерөнхий сайд, тус сангийн удирдах зөвлөлийн дарга С.Батболд даргалсан юм.
Тус хурлаар удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд, мөн ММСС-гийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж, гишүүдийн саналыг сонслоо.
Удирдах зөвлөлийн иргэний нийгмийн төлөөллийн хугацаа дууссантай холбогдуулан шинээр Ардчиллын боловсрол төвийн захирал Д.Ундрал, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Ж.Батболд, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбооны тэргүүн Э.Мягмарпүрэв гурвыг, эрхэлсэн салбарт нь төслүүд хэрэгжих тул Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди хоёрыг саналын эрхтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурийг саналын эрхгүй гишүүнээр оруулахаар шийдвэрлэсэн юм.
ММСС-гийн дүрэмд гишүүдийн тоо, төсөлтэй холбоотойгоор хийх нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн баталлаа.
Дараа нь гишүүд АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац /МСК/ -ийн суурин төлөөлөгч Р.Рийдийн мэдээллийг сонч, Мянганы сорилтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, гэрээний хөтөлбөрийн явц, “Газар өмчлөл, эрхийн бүртгэл зэрэг газрын харилцааны эрх зүйн болон институцийн орчинг боловсронгуй болгох” техник туслалцааны гэрээ, “Ажлын байран дахь сургалт” туршилтын төслийг хэрэгжүүлэх тухай гэрээтэй танилцлаа.
Энэ үеэр МСК-ийн суурин төлөөлөгч хэлэхдээ "Төмөр замын төслийн санхүүжилтийг шинэ төсөлд шилжүүлэхтэй холбогдсон төсөл боловсруулах ажилд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч ажилласанд гүнээ талархаж байна. Энэ ажлын үр дүнд 2009 оны 11 дүгээр сарын 17-нд МСК-ийн мэргэжилтнүүд Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсэг болон ММСС-гийн боловсруулсан төслийг МСК-ийн Хөрөнгө оруулалтын хороонд танилцууллаа. Одоогоор бид 12 дугаар сарын 9-нд болох МСК –ийн удирдах зөвлөлийн хурлын эцсийн шийдвэрийг хүлээж байна. Удирдах зөвлөлийн шийдвэрийн талаар Монгол Улсын Засгийн газартай хамтран 12 дугаар сарын 10-нд хэвлэлийн бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Та бүхэн бага хурлыг хамтран зохион байгуулах санал нэгтэй гэдэгт итгэж байна" гэлээ.
Сүүлийн 6 сард Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын ажил эрс сайжирснаар хөрөнгийн эрхийн төслийн хэрэгжилтэд сайн үр дүн авчирч буйд МСК-ийн мэргэжилтнүүд сэтгэл ханамжтай байна. Холбогдох яамдыг Компакт гэрээний хэрэгжилтийг дэмжин цаашид хамтран ажиллахыг хүсч байна гэж суурин төлөөлөгч хэлээд Чойр –Сайншандын 176.4 км замын төслийн ажлын тендерийг боловсруулан 12 дугаар сарын 27-нд зарлахаар төлөвлөөд байгаагаа дурьдав.
Тэрээр үгийнхээ төгсгөлд “МСК Компакт гэрээний хэрэгжилтийг урагшлуулж, тавьсан зорилтуудаа биелүүлэх ажлаа идэвхжүүлэн Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжин ажиллахад бэлэн байна. Цаг хугацаа явсаар байна. Компакт гэрээний дагуу ажлаа дуусгахад 3 жил 10 сар үлдлээ” гэж хэллээ.
Харин Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ "188 сая долларын компакт гэрээнд өөрчлөлт оруулж, шинэ төсөл хэрэгжүүлэх хүсэлт Мянганы Сорилтын Корпорацид тавьсныг урьдчилсан байдлаар дэмжиж буйд талархал илэрхийлье. Ялангуяа суурин төлөөлөгч ноён Рийд болон манай ажлын хэсэг маш богино хугацаанд төсөл боловсруулан оруулж, дэмжүүлэхээр болж буйд баяртай байна. 12 дугаар сарын 10-нд бидний төлөвлөж буй хэвлэлийн бага хурлаар төслийн гэрээг дэмжсэн тухай мэдээлэл хийнэ гэдэгт итгэж байна. 3 жил 10 сар гэдэг богино хугацаа үлдсэн байна. Төсөл хэрэгжүүлж буй манай яам, газрууд идэвхтэй оролцох ёстой гэж үзэж байгаа. Эцсийн шийдвэр нь гараагүй байгаа 2 төслийн нэгийн тендерийг зарлах гэж буй юм байна. Цаашид ч Монголын эрэлт хэрэгцээг харгалзан үзэхийг хүсье" гэлээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment