Wednesday, December 9, 2009

Хөтөлбөрт хамрагдахад 20 сая төгрөг бэлнээр хэрэгтэй


Засгийн газраас бага, дунд орлоготой иргэдийг орон сууцаар хангах, хүнд байдалд орсон барилгын салбарыг дэмжих зорилгоор "4000 орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа.

Хөтөлбөрийн хүрээнд орон сууцны үзэсгэлэн нээгдэж, иргэд байраа сонгох боломжтой болсон юм. Харамсалтай нь Засгийн газраас метр квадратын үнийг 650 мянган төгрөгөөр тогтоож байсан нь биеллээ олсонгүй. Энэ нь иргэдэд орон сууц зээлээр авахад ихээхэн хүндрэл учруулах бололтой. Өөрөөр хэлбэл, арилжааны банкны зээлээр орон сууц авсантай ижил түвшинд дөхөж очих нь. "4000 орон сууц" хөтөлбөрөөс байртай болоход танд хэдэн төгрөг байх хэрэгтэй талаар тооцоо хийе.


Хөтөлбөрийн хүрээнд байртай болох хүсэлтэй иргэд ихэвчлэн хоёр өрөө орон сууц сонирхож байна. Нэг өрөө байр олон ам бүлтэй айлд жижигдэнэ. Гурван өрөө гэхлээр үнийг нь дийлэхэд төвөгтэй. Хоёр өрөө байрны метр квадрат 38-45 байна. Тэгвэл дунджаар 40 метр квадрат хэмээн тооцож авъя. Орон сууцны метр квадратын үнэ 1.1 сая төгрөг гэж бодъё. Ингээд тооцохоор хоёр өрөө байр ойролцоогоор 44 сая төгрөг болж байна. Засгийн газар 650 мянган төгрөгт зээл өгнө хэмээсэн. Тэгэхлээр та 26 сая төгрөгт зээл авах боломжтой аж. Гэхдээ уг үнийн 10 хувьд урьдчилгаа төлөх ёстой. Энэ нь 2.6 сая төгрөг болж байна. Үүн дээр та 40 сая төгрөгөөс үлдсэн 18 төгрөгийг нэмнэ. Учир нь таны сонгосон байрны метр квадратын үнэ 650 мянган төгрөгөөс илүү гарсан тохиолдолд зөрүүг нь шууд төлөх ёстой. Үүгээр тооцоход 18 сая төгрөг шууд төлөх болж байгаа юм. Урьдчилгаа 2.6 саяаа нэмбэл 20.6 сая төгрөг хэрэгтэй болох аж. Өөрөөр хэлбэл, та хоёр өрөө байртай болохын тулд дээрх хэмжээний бэлэн мөнгөтэй байх хэрэгтэй. Энэ нь орон сууцны үнийн бараг 50 хувьтай тэнцэж байна. Тэгвэл арилжааны банкууд иргэдэд орон сууцны зээл олгохдоо 30-50 хувийн урьдчилгаа төлбөр авч байгааг сануулахад илүүц биз. Тэгэхлээр урьдчилгаа төлбөрийн хувьд "4000 орон сууц хөтөлбөр", арилжааны банкны зээлд хамрагдах хоёрын хооронд ялгаа алга.

Засгийн газар танд ердөө л 25.4 сая төгрөгөө 10 жилийн хугацаанд жилийн 10 орчим хувийн хүүтэйгээр эргүүлэн төлөх боломж олгож байгаа аж. Арилжааны банкуудын хувьд дээрх хүү нь жилийн 21 орчим хувь байна. Сүүлийн үед инфляци тогтворжиж байгаатай холбоотойгоор зээлийн хүү бага зэрэг буурч, 20 руу дөхөж байгаа. Тэгэхлээр хүүг бууруулсан гэдгээрээ хөтөлбөрийн гол ач холбогдол нь чиглэгдэж байна.

Анх 650 мянган төгрөг гэх жишиг үнийг тогтоохдоо салбарын яамны судалгааг үндэслэж буйгаа мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, зах зээлийн ханшаар тооцож үзэхэд нэг метр квадратыг дээрх үнээр борлуулах боломжтой аж. Хамгийн гол нь хямралын үед барилгын салбарыг аврахад хэн хэн нь эрсдэл хүлээж, орон сууцаа дээрх үнээр борлуулна хэмээн ойлгогдож байсан. Харамсалтай нь барилгын компаниуд хичнээн туйлдаа хүрсэн ч дээрх үнээр борлуулах хүсэлгүй байна. Энэ нь тэд яамны тооцсон дүнгээс өөр зарлага гаргасан хэмээн үзэхэд хүргэж буй. Тухайлбал газар худалдан авахад яамнаас тооцсон дүнгээс илүү зарлага гаргасан байж болох. Магадгүй элдэв зөвшөөрөл авах зэрэгт авлига явдаг гэх яриа бий. Үүнээс гадна компаниуд иргэд дээрх үнэтэй орон сууцыг худалдан авах санхүүгийн чадавхтай хэмээн үзэж байгаа бололтой

No comments:

Post a Comment