Wednesday, December 9, 2009

Нөхөн олговрын тогтолцоог өөрчлөхийг зөвлөв




Дэлхийн банкнаас нийслэлийн албан бус хөдөлмөр эрхлэлтийн зах зээлд мэргэжилгүй ажилчдын өдрийн хөлсөнд судалгаа хийхэд энэ оны гуравдугаар улиралд ахиц гараагүй байна. Улирлын чанартай ажил, барилгын салбарт ажлын байрны эрэлт хэрэгцээ буурсан нь үүнд нөлөөлөх хүчин зүйл болжээ. Төрийн албан хаагчдын ажил байдлыг дүгнээд, гурван асуудалд анхаарахыг зөвлөв. Үүнд, өндөр мэдлэгтэй хүмүүсийг төрийн албанд татах, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулахын тулд зэрэглэл тогтоох, нөхөн олговрын тогтолцоонд тодорхой өөрчлөлт хийх хэрэгтэй. Мөн цалин хөлсний төвлөрсөн удирдлагын тогтолцоонд үе шаттай шилжиж,боловсон хүчний менежментийн дэглэмийг сайжруулах шаардлагатай гэжээ.

Энэ жилийн төсвийн гүйцэтгэлийн хувьд 12 сарын гулсмал хэлбэрээр төсвийн алдагдал 10 сард бага зэрэг буурсан нь төсвийн зарцуулалт багасч, орлогын бууралт тогтворжсонтой холбоотой. Гэвч энэ нь ДНБ-ий есөн хувьтай тэнцэх хэмжээнд байсаар байгааг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Саиед хэллээ. Санхүүгийн байдал урт хугацааны хувьд ирээдүйд уул уурхайгаас орж ирэх их хэмжээний орлогоос хамааран сайн байх дүр зураг харагдаж байгаа ч 2015 он хүртэл тодорхойгүй төлөвтэй байна. 2011 онд гэнэтийн ашгийн татвар байхгүй болж, хандивлагчдын санхүүжилтгүйгээр их хэмжээний төсвийн алдагдлыг нөхөхөд хүндрэлтэй байх аж.

Тэрбээр, -УИХ 2010 оны төсөв баталсан нь төсвийн алдагдал энэ оны төсвийн тодотгол хийсэн хэмжээнээс бага зэрэг буурч, ДНБ-ий таван хувь орчим байхаар төсөвлөсөн. Харин төсвийн алдагдлыг нөхөхийн тулд УИХ зэсийн үнийг ихэсгэж, мөн “Хүний хөгжлийн сан” байгуулахыг ч тусгалаа. Хуучин тогтолцоогоор уул уурхайн орлогод суурилсан шинэ гэр бүл бологсод, хүүхдийн мөнгөний хөтөлбөрт олгож байсан төсвийн зарцуулалтыг цуцалсан нь шинжээчдийн үзэж буйгаар “Хүний хөгжлийн сан” нь нийгмийн халамжийн цогц, оновчтой хөтөлбөр хэрэгжүүлж, ядуу бүлэгт олгох халамжийн хэлбэрээр бодит шалгуурт суурилан олгох боломжтой болсныг тэмдэглэв.

Гадаад худалдааны хувьд сүүлийн саруудад байдал хэвийн, худалдааны алдагдал багасч, валютын нөөц, ханш харьцангуй тогтвортой байлаа. Экспортын бууралт нэлээн доошилж, импорт аядуу болох хандлагатай. Төлбөрийн балансын алдагдал энэ оны гуравдугаар улирлын урьдчилсан үзүүлэлтээр 470 сая ам доллар байгаа нь нэгдүгээр улиралтай нь харьцуулахад буурсан байна.

Банкны хувьд өнгөрсөн сарын сүүлээр “Зоос” банк алдагдалд орсныг төрийн мэдэлд шилжүүлсэн. “Анод” банканд мөн хүлээн авагч ажиллуулж эхэлсэн бөгөөд одоогоор “Зоос” банкны байдал харилцагчийн итгэлийн түвшинд төдийлөн сөрөг нөлөө үзүүлээгүй. Энэ нь 2008 оны 11 дүгээр сард “Анод” банкны үйл ажиллагааны доголдолтой уялдуулан, банкууд дахь хадгаламжийн дансыг төрөөс баталгаажуулсантай ч холбоотой. Эдийн засгийн гол салбарт муу зээлийн хэмжээ нэмэгдсэнээр барилга, хөдөө аж ахуй, хувь хүнд олгосон их хэмжээний зээлээс шалтгаалсан эрсдэл банкны салбарт ажиглагджээ.

Зээлийн хүүгийн дундаж хэмжээ 25 хувь байгаа нь бүс нутгийн хэмжээнд харьцуулахад нэлээн өндөр байгаа юм.

No comments:

Post a Comment