Wednesday, December 9, 2009
Опра Уинфри Зул сарын баяраар Цагаан ордонд зочилно
Дэлхийд алдартай ток шоуны хөтлөгч Опра Уинфри үзэгч, фенүүддээ зориулан энэ жилийн Зул сарын баярын бэлэг болгож, Цагаан ордонд зочлон ерөнхийлөгчийн гэр бүл баяртаа хэрхэн бэлдэж буй талаар хүргэх гэнэ. Тэрбээр АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама, тэргүүн хатагтай Мишель Обама болон тэдний охидтой ярилцах ажээ. Опра Уинфригийн ток шоуны “Цагаан ордны Зул сарын баяр” нэртэй тусгай дугаар арванхоёрдугаар сарын 13-ны ням гаригт телевизийн эфирээр цацагдах юм байна. 60 минут үргэлжлэх уг шоуны талаар Опра Уинфри “Барак Обамаг ерөнхийлөгчийн ажлаа хүлээж авснаас хойш анх удаагаа нүүр тулан сууж, хувийн чанартай бас хувийн мэдээлэл агуулсан, зугаатай ярилцлага байх болно” гэжээ. Мөн уг шоунд Цагаан ордон Зул сарын баяртаа хэрхэн бэлдэж буй талаар цогц мэдээлэл хүргэх гэнэ.
Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Барак Обамагийн сонгуулийн кампанит ажлын үеэр Опра Уинфри түүнийг дэмжиж буйгаа удаа дараа илэрхийлж байсан билээ. Тэрбээр мөн саяхан Бүгд найрамдах намаас дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Сара Пейлинг шоундаа урьж, оролцуулсан юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment