Wednesday, December 9, 2009

Өрсөлдөөн


Рио Тинто Монголын нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байна. Энэ тухайгаа Гүйцэтгэх захирал Том Албаниз арваннэгдүгээр сард нийтэд хэлсэн юм. Нүүрсний эрин эхэлж байгааг дэлхийн том хөрөнгө оруулагчид үнэрлэжээ. Нүүрсийг 20 янзаар ангилдаг ба эдний дотроос эрчим хүчний нүүрсний арилжаа наймаа дэлхийн нийт худалдааны үзүүлэлтийг цойлж гарч ирнэ гэсэн урьдчилсан таамаг гараад байна. Удаад нь коксжих нүүрсний эрэлт эрэмбэлэгджээ.


2025 он гэхэд хөгжиж буй орнуудын төмрийн хүдрийн эрэлт 250 хувиар өснө гэсэн прогноз бас гарчээ. Төмрийн хүдрээр гангийн үйлдвэрлэл явуулахад коксжих нүүрс хэрэгтэй. Тэгэхээр нүүрсний эрэлт зах хязгааргүй нэмэгдэх хандлага бүр энэ жилээс мэдрэгдэж эхэлсэн. Ирэх 20 жилд дэлхийн эрчим хүчний хэрэглээний тал хувийг хоёрхон улс залгих гэж байна. Хятад, Энэтхэгийн эрчмийн хэрэглээ бөмбөрцгийн бусад бүх улсын хэрэгцээтэй тэнцэнэ.

Хорвоогийн нэг он улиран одох гэж буй өдрүүдэд хуанлийн хуудас нимгэрэхийн хэрээр ирэх жилүүдийн амь амьжиргааны тухай тандалт прогнозууд тасралтгүй цацагдах болжээ. Дэлхийн судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулалтын банкууд, нэр хүндтэй шинжээчид өөрсдийн таамгаа дэвшүүлж байна. 2010 оны зах зээлийн төлөв төдийгүй, ирэх 10, 20 бүр 50 жилд бүтээгдэхүүний үнэ ханш ямар байхыг эрэлт хэрэгцээтэй уялдуулан хэлцгээж байна. Энэ хорвоогийн амьдралын хөдөлгөгч хүч болсон эрчим хүчний үйлдвэрлэл, төмөрлөгийн үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд асар их эрэлттэй байхыг бүх судалгаа нэг дуугаар илэрхийлэв. Эдгээр үйлдвэрлэлийн үндсэн хэрэглэгч нь Хятад, Энэтхэг хоёр, араас нь Европ ба зүүн өмнөд Азийн орнууд байхаар хэрэглээний прогноз гарчээ. Таамаглал, хандлагууд төвлөрч буй анхдагч цэг нь ийнхүү нүүрс болов.

Нүүрсний эрин эхэлж байгааг хүн бүр өөрийнхөөрөө илэрхийлж байх агаад тухайлбал Роберт Фридланд “Монгол нь нүүрсний Саудын Араб болно” гэжээ. Энэ бол Фридландын сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж буй хамгийн хүчтэй үгс нь бөгөөд “Саудын Араб” гэдэг мань эрийн хувьд хэмжүүрийн оргил ч байж мэднэ. Оргилд ойрхон яваагаа харин бид өөрсдөө мэддэг гэж үү?

Коксжих нүүрсний үнийн 2010 оны прогноз тонн нь 180 ам. доллар байхаар гарчээ. Зах зээлийн жишиг үнээс давсан тоо байгаа биз. Яагаад гэвэл эрэлт ингэж үнийг хөөрөгдсөөр байна. Goldman Sachs-ийн шинжээчид уг үзүүлэлтийг саяхан шинэчлэж зарлаад байгаа юм. Өмнөх тандалтаас үнэ ханш өсөх байдалтай болсон тул ийнхүү шинэчлэгджээ. Энэ бүх судалгаа прогнозууд бидэнд өдөр тутам ус агаар мэт хэрэгцээтэй болж байна. Эрчим хүчний, коксжсон нүүрсний эрэлт чангарахын хэрээр өрсөлдөөн нэмэгджээ. Нүүрс экспортлогч улсууд Зүүн өмнөд Азийн зах зээл рүү, тэр дундаа Хятад, Энэтхэгийн хил өөд тэмүүлсэн арилжаа худалдааны төлөвлөгөө гаргаж байна. Хятад улсын нүүрсний зах зээлд энэ жилээс их том өөрчлөлт орсон юм. Тус улс нүүрс экспортлогч орон байхаа больжээ. Одоо эдний импорт экспортоосоо олон дахин давж эхэллээ. Гангийн үйлдвэрүүдийнхээ хэрэгцээг Хятадын уурхайнууд дийлэхээ больсон байна. Эдийн засгийн хямралын үед зөвхөн Хятадад ийнхүү үйлдвэрлэл нэмэгдсэн юм. Нүүрсний жижиг, дунд уурхайнуудаа нэгтгэн томруулах бодлогыг Хятадын засаг захиргаа барьж байгаа боловч гангийн үйлдвэрүүдийнхээ хэрэгцээг хангаж барахгүй байна. Ийм өөрчлөлтийг австраличууд хамгаас соргог мэдэрч 2009 онд Хятадад 14.9 сая тонн эрчим хүчний нүүрс, 17.4 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Энэ оны эхний есөн сарын дүн шүү дээ. Улмаар Австрали нь Хятадын коксжих нүүрсний зах зээлийн 25 хувийг гартаа найдвартай оруулах бодлого баримталж байна. Хятадын ааш зангаас хамаарч амьдардгийг өөрчилж, Хятад Австралийн нүүрснээс хараат  болоосой хэмээн тэд чармайж байгаа юм. Энэ нь  Австралийн хувьд гео эдийн засгийн маш зөв бодлого билээ.

Монголын тослог бор толгодын дундаас энэ бүх өрсөлдөөнийг ажиж суух сайхаан. Дэлхийн хүмүүс ухаанаараа, зөв бодлогоороо өрсөлдөж, хүчний хамгийн ашигтай байрлал өөд тэмүүлцгээгээд л… Юунд ч юм мэдэхгүй ээ, яарцгаагаад л …Хонгор бор толгодынхоо дунд амар жимэр суугаад алсыг ажсан шигээ хорвоогийн жилүүдийг үдэж байна даа, хөө…тэгж байгаад энүүхэн урд байгаа нүүрсээ чулуу болгоно оо. Тавантолгойн тендерийг таалагдсан нэг улсдаа өгнө. Тэгээд Сайншанд руу төмөр зам татуулна. Замын ажлыг  Орос ах нар мэдэг. Зам тавих мөнгийг нь засаг төрөөс босголцоно. Сайншандад үйлдвэрлэлийн цогцолбор байгуулна. Тийшээ эрчим хүчний нүүрс ба коксжих нүүрсээ зөөнө. Сайншандад нүүрсээ шатааж, үйлдвэрлэл явуулна. Гаргасан бүтээгдэхүүнээ урагшаа Эрээн рүү ачуулна. Эрээний боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулна. Энэ ажил жаахан хүлээгдэх байх аа. Замын -Үүдийг чадавхижуулж байх хооронд  Чойбалсан руу төмөр зам татна. Түрүүн татсан 300 гаруй километр дээр дахиад 500 орчим километр зам хэрэгтэй. Цаашаа Оросын Алс Дорнодын боомтуудыг зориод манай тослог бор толгодын нүүрс довтолгоно. Зам зуураа Сибирийн хусхантай мэндлэн, жавар сөрөн туучсаар Алс Дорнодын нүүрсний боомтуудын эздийн аяыг харах нь лав. Оросын нүүрсний боомтууд хувийн компаниудынхаа мэдэлд голдуу очсон болохоор шинэ баячуудын эв аяыг нь тааруулах хэрэг гарч мэднэ. Боомтоос цаашаа их далайд гарч чадвал Япон, БНСУ руу хөвсөлзтөл хөвөн одно оо. Энэ хооронд нэг тонн  нүүрсний маань өртөг 94.92 ам. доллар болсон байх вий. Экспортын зардал ийм болно гэсэн үг. Судалгааг Дэлхийн банк бүр хавар хийжээ.  Энэхүү мөрөөдлийн маршрутын тухай өнгөрсөн жилийн аравдугаар  сард нийтлэл бичсэн билээ. “Якунины галт тэрэг Шансиг зорих уу, Находка руу эргэх үү” нэртэй  тэрхүү нийтлэлдээ Монгол улсад экспортын олон гарц байхын чухлыг тэмдэглэж байлаа. Экспортын гарцууд өрсөлдөх чадвартай байж гэмээнэ манай улсад үр ашгаа өгөх тухай бичсэн юм.

Тэгвэл манай мөрөөдлийн маршрутын тээврийн зардал нь өмнөдийг чиглэсэн бусад маршрутынхаасаа хоёр дахин өндөр гарч байна. Тавантолгойгоос Гашуунсухайтын боомтоор нэг тонн нүүрс тээвэрлэн, Хятадын Хуанхуа боомт хүрэх зардал 56.50 ам. доллар болж байгааг Дэлхийн банк судалгаандаа тэмдэглэжээ. Наана нь Хятадын гангийн үйлдвэрүүдэд эрчим хүчний болон коксжих нүүрс нийлүүлнэ гэвэл экспортын зардал хойд чиглэлд зөөсөн зардлаас гурав дахин хямд буюу 33 ам. доллар байхаар тооцжээ. Энэ бүх тооцоо юуг хэлээд байна вэ? Зүгээр л дахин дахин тооцоо хийх ёстойг сануулаад байна. Аливаа прогноз судалгааг тасралтгүй нягт нямбай хийж , түүнийхээ үндсэн дээр аль ашигтай хувилбарыг улс орнууд сонгон авдаг. Тийм учраас ирэх жилүүдийн нүүрсний хэрэглээ, гангийн үйлдвэрлэлийн хандлага тандалтын мэдээнүүд өнөөдөр хамгийн эрэлттэй мэдээлэл болоод байна. Сайн үндэслэл дээр суурилсан шийдвэр амжилттай хэрэгждэг учраас судалгаа тооцоо гэдэг дэлхийн бизнесийн гол түүхий эд болдог юм.

Австраличууд далайн боомтынхоо тоог нэмэгдүүлж байна. Тэд Хятад, Энэтхэгийн зах зээлд аль болох олон гарцаар шуурхайн нэвтрэхийг  чармайж байгаа юм. Эрчим хүчний, коксжих нүүрсний эрэлтийг тандаж чадсан учраас үндсэн хэрэглэгч рүүгээ өргөн фронтоор довтолж байна. Дэлхийн нүүрс экспортын довтолгоо Хятадын хил рүү боломжит бүхий л портуудаар нь нэвтрэхийг чармайх болжээ. Газрын зураг дэлгэвэл Хятад руу чиглэсэн том том чиглэл, суман тэмдэглэгээ харагдах вий. Харин манай Монголд сүүлийн саруудад нэг сүрхий газрын зураг моодонд ороод байна. Хятадын зүгээс Монгол руу чиглүүлж тавьсан найман бүдүүн сумны зургийг харсан уу. Манай хилийн найман боомтоор хятадууд довтлох гэж байгаа гэнэ. Цэрэг эх орны сэдэвтэй шахуу болтлоо энэ “ эх оронч” үзэл дэврээд, савнаасаа халиад байна. Хятадаас хилээ хааж чадвал тусгаар тогтнолоо хамгаалж чадна гэв. Тэгвэл Хятадын зах зээлд өөрийн орон зайгаа эзэлж  чадвал, ядахдаа Хятадын хойд нутгуудын гангийн үйлдвэрийн хэрэгцээ, эрчим хүчний хэрэгцээнд нь нөлөөлж чадахаар болох юм бол монголчууд хараат бус байж чадна гэж хэлье. Дэлхий даяараа Хятадын зах зээлд нэвтрэхээр өрсөлдөж байхад бид хилээ хаах шахуу болтол нь айдас түгээж байна. Үнэхээр айж байгаа бол ар шилээ харуулаад зугтах биш, чадах зүйлээрээ ханцуй шамлан өрсөлдөх ёстой юм.

1435 мм-ийн царигтай төмөр зам татвал Хятад улсад эзлэгдлээ гэсэн үг маягийн ухуулга ч явагдаж байх шиг. 1435 мм-ийн өргөнтэй төмөр замын цариг бол АНУ, Европ, Австрали, Хятадын төмөр замын царигийн хэмжээ. Дэлхийн стандарт  гэсэн үг. Анх Австарли улсад 4-5 янзын өргөнтэй цариг ашигладаг байсан бол өнөөдөр дээрх дэлхийн стандартыг нэгдсэн журмаар хэрэглэж байна. Нүүрс ачиж буулгах  илүү зардал гаргахгүйн тулд улс орнууд дэлхийн стандартын нэгдсэн царигийн системд аажмаар шилжсээр байгаа юм. ОХУ-д хэрэглэдэг 1600 мм-ийн өргөн царигийг эдүгээ ТУХН-ийн орнуудад ашигладаг ба Европын нэгдсэн стандартад орохын тулд нөгөө улсууд төмөр замын царигаа 1435 мм хэмжээнд шилжүүлсээр байна. Хамгийн сүүлд Финлянд улс төмөр замын олон улсын стандартын царигт шилжжээ.

No comments:

Post a Comment